МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ

2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр

/Хэсэгчлэн авав/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС

            16 дугаар зүйл. Аялал жуулчлалын бүс

16.2.Аялал жуулчлалын бүсийг дараах байдлаар ангилна:

16.2.1.улсын аялал жуулчлалын бүс;

16.2.2.орон нутгийн аялал жуулчлалын бүс.

16.8.Орон нутгийн аялал жуулчлалын бүс нь менежментийн төлөвлөгөөтэй байна. Орон нутгийн аялал жуулчлалын бүсийн газар зохион байгуулалтын асуудлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.

16.7.Аймаг, нийслэлийн аялал жуулчлалын асуудал хариуцсан нэгж орон нутгийн аялал жуулчлалын бүсийн хилийн заагийг аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулах бөгөөд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд болон энэ хуулийн 27.1-д заасан аялал жуулчлалын мэдээллийн санд хүргүүлнэ.

16.10.Энэ хуулийн 16.8-д заасан орон нутгийн аялал жуулчлалын бүсийн менежментийн төлөвлөгөөг аймаг, нийслэлийн аялал жуулчлалын асуудал хариуцсан нэгж боловсруулж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

16.13.Орон нутгийн аялал жуулчлалын бүсийн хилийн заагийг тогтоохдоо улсын аялал жуулчлалын бүсийн хилийн заагтай давхцуулж тогтоохыг хориглоно.

16.14.Улсын аялал жуулчлалын бүстэй орон нутгийн аялал жуулчлалын бүс давхацсан тохиолдолд тухайн хэсгийг холбогдох иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүчингүй болгоно.

 

22 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

22.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал аялал жуулчлалын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

22.1.1.нутаг дэвсгэртээ аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, Засаг даргын тайланг хэлэлцэх;

22.1.2.нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх шийдвэр гаргах.

23 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

23.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга аялал жуулчлалын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

23.1.4.харьяалах нутаг дэвсгэртээ аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх бодлоготой уялдуулан төлөвлөгөө боловсруулах, зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулах, хэрэгжүүлэх;

24 дүгээр зүйл.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

24.1.2.нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг орон нутгийн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх саналаа аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

       27 дугаар зүйл.Аялал жуулчлалын мэдээллийн сан

27.1.Аялал жуулчлалын салбарын судалгаа, шинжилгээ, статистик мэдээллийн нэгдсэн сан /цаашид “Аялал жуулчлалын мэдээллийн сан” гэх/-г аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цахим хэлбэрээр бүрдүүлнэ.