МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ

/Шинэчилсэн найруулга/

2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр
/Хэсэгчлэн авав/

ДӨРӨВ БҮЛЭГ

БОЛОВСРОЛЫН УДИРДЛАГА

  • дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх

29.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал харьяа нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

29.1.1.орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллага байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах;

29.1.2.орон нутгийн боловсролын сургалтын байгууллагыг хөгжүүлэх төлөвлөгөө батлах, биелэлтэд хяналт тавих;

29.1.3.орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчин, сургалтын чанарыг сайжруулахад шаардагдах төсвийг жил бүр батлах;

29.1.4.насан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, санхүүжилтийг батлах;

29.1.5.боловсролын салбарын барилга байгууламжийн урт хугацааны төлөвлөлтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, сургууль, цэцэрлэгийн эзэмшил, ашиглалтын эдэлбэр газрыг сургалтын орчны стандартад нийцсэн талбайн хэмжээний дагуу газрын нөөцөд авч, газар зохион байгуулалтын холбогдох төлөвлөгөөнд тусгах;

29.1.6.хуульд заасан бусад.