МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ
(Шинэчилсэн найруулга)
2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр
/Хэсэгчлэн авав/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Ашигт малтмал эрэх, хайх

17 дугаар зүйл. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох
шалгаруулалтын талбайг ялгах

17.1.Энэ хуулийн 11.1.25-д заасны дагуу төрийн захиргааны
байгууллага нь талбайн солбицлыг тодорхойлохдоо тухайн
аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд
талбайн зургийг хавсаргана.

17.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-
д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших
сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг,
нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч,
45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу
өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг
зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд
заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг

43 дугаар зүйл. Ажиллах хүчний талаар тавигдах
шаардлага

43.1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон түүний туслан гүйцэтгэгч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх ба тухайн хуулийн этгээдийн ажиллах хүчний бүрэлдэхүүнд дараах шаардлага тавигдана:

 

43.1.1.гадаад ажилтны тоо нийт ажилтны 10 хувиас хэтрэхгүй байх;

43.1.2.Монгол ажилтнуудын 5-аас доошгүй хувь нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа тухайн сум, дүүргийн иргэд байх.

43.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 43.1.1-д зааснаас илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, 43.1.2-т зааснаас бага хэмжээгээр орон нутгийн иргэдийг авч ажиллуулсан ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө.

43.3.Энэ хуулийн 43.2-т заасан төлбөрийг тухайн сум,
дүүргийн төсөвт төвлөрүүлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,
ажлын байр шинээр бий болгох, соёл, боловсролын болон эрүүл
мэндийн салбарт зарцуулах бөгөөд энэ талаархи журмыг сум,
дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.